ХОНГКОНГ БОЛОН МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХАМТАРСАН ЗУРАГ АВАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“PC Mall” сүлжээ дэлгүүр нь 2011 оноос хойш Японы Epson брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны цорын ганц эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлэн, хэрэглэгч олонд хүргэсээр байгаа билээ. 7 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа хамтын ажиллагааны хүрээнд гэрэл зурагчдын туршлага солилцох, мэргэжлийн түвшинд ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хонгконгийн болон Монголын гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн өдөрлөг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан юм.

Монголын гэрэл зурагчдын “Тусгал” клубынхан болон Хонгконгийн спортын гэрэл зурагчин Дерек нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан тус өдөрлөг нь Төв аймгийн Баянчандмань сумын Тусгалтын ам хэмээх газарт байрлах Сүүж уулан дахь бөхийн гал дээрээс морин хуурын аялгуунд хөглөгдсөн уртын дуутайгаар эхэлж Монгол түмний үндэсний их спорт болох хүчит бөхчүүдийн уран мэх, хүч чадал, ид бярыг харуулсан гайхалтай зураг авалтаар үргэлжилсэн юм.

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан хүчит бөхчүүдийн гэрэл зургийг гадны мэргэжлийн гэрэл зурагчны хамт авсан энэхүү өдөрлөгийн гол зорилго нь спортын гэрэл зураг авахад анхаарах зүйлсийн тухай мэдлэг туршлага солилцохоос гадна үндэсний их спортоо олон улсад сурталчлан таниулах, Монгол уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх явдал байлаа.

Харин сайн зургийг хэвлээгүй байхад тэр бол зураг биш ердөө файл гэдэгчлэн тус өдөрлөгийн 2 дахь өдөр хүчит бөхчүүд, байгаль эх дэлхий, Монгол уламжлалыг гарган авсан гэрэл зурагчдын бүтээлийг хэвлэж, сайн зураг гаргахын тулд зөвхөн сайн зурагчин байхаас гадна сайн цаас, сайн хэвлэл сонгох тухай мэдлэг туршлага солилцсон юм. Epson-ий уриа үг болох “Exceed your vision” нь тус брэндийн хэрэглэгчдийнхээ хүлээлтээс илүү гарсан бүтээгдэхүүн, технологийг одоо ч, ирээдүйд ч хүргэх амлалтыг илэрхийлдэг билээ. Энэ ч утгаараа Epson брэндийн дэвшилтэт технологи бүхий принтерүүдийг ашиглан авсан зургуудаа хэвлэн, ялгааг нь харуулж харьцуулан, өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлэн ярилцаж 2 өдрийг маш үр өгөөжтэйгээр өнгөрүүлсэн юм.